Монголыг зорих 10 шалтгаан.
Ядаж нэг удаа заавал очиж үзэх ёстой зүүн Азийн орнуудын нэг бол Монгол. Дорнод зүгийг зорьсон жуулчид ихэвчлэн Хятад, Орос, Балбыг сонгон аялах нь элбэг. Учир нь тэд Монгол оронд аялах ямар гайхалтай болохыг тэр бүр мэддэггүй. Энэ улс нүүдлийн соёл иргэншлийг авч үлдсэн ба орчин үеийн техник технологи нэвтрээгүй, байгалиараа өргөн уудам нутаг дэвсгэртэй. Хөдөө нутагт морьд давхилдаж, уугуул иргэд үнээний сүүгээр ундаална. Таны аялах дараагийн улс Монгол байх болно гэдгийг батлах 10 шалтгааныг нэрлэе.
1. Түүх
Түүх сонирхдог ямар ч аялагчийн заавал очих газар юм. Дэлхийн агуу удирдагчдын нэг Чингис хааны нутаг бөгөөд та Монголд очвол нийслэл Улаанбаатар хотоос холгүй орших хааны аварга том мөнгөлөг хөшөөг зориод үзээрэй.
2. Таны сонирхлыг татах баяр наадмууд
Азийн ихэнх улс орнууд өөр өөрийн гэсэн баяр наадамтай. Гэхдээ Монголын соёлын өвийг харуулсан баяр наадмуудыг жилийн турш зохион байгуулдаг. Жил бүрийн долдугаар сард болдог бөх барилдаж, морь уралдан, сур харвадаг наадам бол Монголын бага хэмжээний Олимп юм.
3. Дахин давтагдашгүй зоог
Аяллынхаа явцад гойд сэтгэгдэл төрүүлэх хоол хүнс хайж байвал энд л бий. Монгол үндэсний уламжлалт зоог дэлхийд танигдаагүй ч та идэж үзсэнийхээ дараа ямар сайхан амттай болохыг нь мэднэ.
4. Завгүй дэлхийгээс завсар авахыг хүсвэл энд ирээрэй
Та бид заримдаа зай завсаргүй хөл хөдөлгөөн үймсэн орчлон ертөнцөөс хоромхон ч болов амралт авахыг хүсдэг. Яг ийм хүмүүст хамгийн их тохирох өргөн уудам тал, амар амгалан тайван ертөнц Монголд бий. Once Upon a Journey блог хуудсанд нийтэлснээр Монголын хүн ам өсөн нэмэгдсээр байгаа тул амар амгалан хэр удаан оршин тогтнохыг таашгүй.
5. Дэлхийн хамгийн том говь цөл
Хэрэв та Монголд ирвэл дэлхийн хамгийн том цөл нутгийн нэгд зочлох цаг заавал гаргаарай. Алтайн нурууны цөл, ногоон байгаль хосолсон үзэмжит газрыг танд санал болгож байна. Алдарт Vogue сэтгүүлд нийтэлснээр говь цөлд хөл нүцгэн, жийптэй, тэмээтэй ямар ч байдлаар аялсан хэзээ ч мартагдахгүй дурсамжтай үлдэнэ гэжээ.
6. Амьтдын эх орон
Хэрэв та ан амьтанд хайртай ч завгүй хотын иргэн бол аяллынхаа жагсаалтад энэ улсыг багтаагаарай. Адуу, үхэр, тэмээ, хонь зэрэг амьтад яг таны хажууд зам дагуу бэлчиж харагдана. Нийтлэг ан амьтдын төрлүүдээс гадна Пржевальскийн адуу, цаст уулын цоохор ирвэс зэрэг дэлхийд нэн ховордсон амьтад нутагшсан байдаг.
7. Жуулчдын хөлд дарагдаагүй
Зарим газруудад аялагч жуулчид хэт их бөөгнөрсөн байдаг бол энд тийм биш учир та төвөгшөөх шаардлагагүй. Энэ оронд асар их үзэж харах зүйл байдаг ч хараахан дэлхийн бүх жуулчид үүнийг мэдэж амжаагүй. Өвлийн улиралд хүйтэн учраас жуулчид илүү дулаан хөрш орнуудыг сонгодог байсан ч энэ байдал өөрчлөгдөж байна.
8. Улаанбаатар бол таны аяллын салшгүй хэсэг
Монгол улсын нийслэл Улаанбаатар хот бусад нийслэлүүдээс өөр. Энд нуугдмал үзэсгэлэнтэй газрууд, соёлын өвийг агуулсан үзмэрүүд, дэлгүүр хэсэх томоохон сүлжээ, орчин үеийн нөлөө бүгд багтсан байдаг. Fodor’s аяллын блогт хотын төвд байдаг Сүхбаатарын талбайд очиж үзэхийг жуулчдад зөвлөжээ.
9. Хамгийн найрсаг, нөхөрсөг ард түмэн
Монголд аялж байсан жуулчид бараг бүгд нэг зүйл дээр санал нийлдэг нь эндэхийн иргэд дэлхий дээрх хамгийн найрсаг ард түмэн. Хэдийгээр бүгд англи хэлээр сайн ярьж чаддаггүй ч гадны зочдыг угтаж авахдаа дуртай, тэдэнтэй соёл уламжлалаа хуваалцахдаа таатай ханддаг.
10. Эндэхийн хаана ч майхан барихад үнэгүй
Хэрэв та адал явдалд дуртай бол Монголын хаана ч аялж, майхнаа барин байгалийн сайханд амрахад төлбөр нэхэхгүй. Харин та майхан барьж тухлахаас илүү зүйл хүсч байвал гэр амралтуудыг санал болгож байна. Гараар хийсэн хөнжил, бүлээн шүршүүр, дулаан халаагуур, саун ашиглах боломжтой.
Эх сурвалж: www.thetravel.com